Categories
Uncategorized

Цацал өргөдгийн учир, Цацлыг байр, байшингийн тагтан дээрээс өргөдөггүй ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Өргөл өргөх ёс нэн эртний болой. Өргөл өргөх сав суулга, хэрэгсэл тухайн цаг үеүддээ өөр өөр байсан бөгөөд өнөө цагт уламжлагдан ирсэн нь өргөлийн модон хувин, сацлын орбай юм.

Өргөлийг Нар байгаа зүгээс эхлэн Нар зөв тойрч хөрсөн дээр зогсож өргөнө. Байр, байшингийн тагтан дээрээс өргөж болохгүй.

Шинийн нэгнээс шинийн 15 дуусталх нэмэн нэмэн дүүрч байгаа Саранд, Сар байгаа зүгээс эхлэн нар зөв тойрч өргөнө. “Долоон өвгүн одон шанага” тэгшрэх цагт л өргөдөг. Тэгшрэх үе нь улирал бүрт өөр өөр цагт тохионо.

Бүрэн хувцаслан, бүс малгайтай өргөх нь зөвхөн талархсан сэтгэлийн илэрхийлэл бөгөөд өөрийн биеийг хариуцаж тус дэм хүсэхгүй байна гэсэн утгатай юм. Сацлын орбайг мөрнөөс доош төвшинд барьж өргөл өргөдөггүй. Өргөл өргөх орон зайнаас хамаарч өргөлийн хүрээг тэлж өргөдөг. Сацлын орбай, халбага үгүй үед алгаараа өргөж болно.

Модон хувин

Модон хувингийн гурван бүслүүр нь өнгөрсөн одоо ирээдүй цагийг, хоёр бариулын түшиг нь эр, эм хоёр заяа тэнцүү байхыг, дундын суран бариул нь тэдгээр заяаг хүүхэд холбож байдгийг тус тус илтгэдэг билгэдэлтэй.

Сүү, Цай, Тараг, Айраг, Шимийн архийг бид таван тансаг идээ хэмээн дээдэлдэг. Эдгээр идээ гагц “Сүү”-нээс үүсдэгээрээ онцлогтой. Сүү нь дусал бүхнээрээ эд эсийг анагаагч хүчин, ундрах эх булгаараа амьтны амь таслалгүй бүрэлддэг цор ганц идээ билээ. Эрт дээр үеэс л Монголчууд сүүгээр олон янз, төрлийн бүтээгдэхүүн хийж хэрэглэж иржээ.

Монголчуудын дунд, нутаг нутгийн онцлог зан зашлийн уламжлалын үүднээс дэлгэрсэн цацал өргөх ёслолын түгээмэл шинж чанар нь хавар хонь хургалж эхлэх ба гүү барих, гүүний үрс гаргах, зэрэг сааль сааж эхлэх үетэй уялдаж малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж сүү цагаан идээ элбэгтэй байхын билэг дэмбэрэлийг мөрөөдөж ( сацал сацдаг ) заншилтай ажээ. Тухайлбал: хонины сацлын үгэнд: …

Өмчид цагаан хонины чинь
Гамшиг зовлон барахын тус

Авран хаш хэмээн
Аугаа их тахил өргөн

Их өчиг
Амтат их

Цагаан сацал сүүг чинь сацнам

хэмээгээд нүдсэн дан арцаар гэртээ, нүдээгүй бүхэл арцыг агьтай хольж өрөм, цөцгий, шар тос, зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотондоо уугуулж их сан тавина.

Тэгээд ууган хурганы эхийн хөхний бөглөөг гаргасны дараах шингэн уургийг агар хувинд сааж аваад жил ивээлтэй, хоёр бүсгүй хүний нэг нь сацал өргөдгийн зүүн гар талд зэрэгцэн сүүгээ барьж нөгөө нь сацлаа барьж гэр хониныхоо хотыг нар зөв тойрон зүг бүр нь ерөн есөн тэнгэр, далан долоон, идээний эхэд (эзэн ) гэж сацал өргөнө. Мөн үүнчлэн (үхрийн сацлын үг нь)

… өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
Торх үл багтах тостой

Сав үл багтах өрөмтэй
Тогоо товойн бурзайх хусамтай

Ариун амтат идээтэй болтугай

гэж ёс гүйцэтгээд сацлыг цацахад гэртээ тавгаар идээ, домбо данхаар цай бэлтгээд сацал өргөж дууссаны дараа гадагш дээжээ өргөж ирээд айл хотлоорооо цугларч хувааж идэж уудаг сайхан уламжлалтай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *