Өргөл өргөх ёс нэн эртний болой. Өргөл өргөх сав суулга, хэрэгсэл тухайн цаг үеүддээ өөр өөр байсан бөгөөд өнөө цагт уламжлагдан ирсэн нь өргөлийн модон хувин, сацлын орбай юм.

Өргөлийг Нар байгаа зүгээс эхлэн Нар зөв тойрч хөрсөн дээр зогсож өргөнө. Байр, байшингийн тагтан дээрээс өргөж болохгүй.
Шинийн нэгнээс шинийн 15 дуусталх нэмэн нэмэн дүүрч байгаа Саранд, Сар байгаа зүгээс эхлэн нар зөв тойрч өргөнө. “Долоон өвгүн одон шанага” тэгшрэх цагт л өргөдөг. Тэгшрэх үе нь улирал бүрт өөр өөр цагт тохионо.

Бүрэн хувцаслан, бүс малгайтай өргөх нь зөвхөн талархсан сэтгэлийн илэрхийлэл бөгөөд өөрийн биеийг хариуцаж тус дэм хүсэхгүй байна гэсэн утгатай юм.
Сацлын орбайг мөрнөөс доош төвшинд барьж өргөл өргөдөггүй. Өргөл өргөх орон зайнаас хамаарч өргөлийн хүрээг тэлж өргөдөг. Сацлын орбай, халбага үгүй үед алгаараа өргөж болно.

Модон хувин
Модон хувингийн гурван бүслүүр нь өнгөрсөн одоо ирээдүй цагийг, хоёр бариулын түшиг нь эр, эм хоёр заяа тэнцүү байхыг, дундын суран бариул нь тэдгээр заяаг хүүхэд холбож байдгийг тус тус илтгэдэг бэлгэдэлтэй.
Сүү, Цай, Тараг, Айраг, Шимийн архийг бид таван тансаг идээ хэмээн дээдэлдэг. Эдгээр идээ гагц “Сүү”-нээс үүсдэгээрээ онцлогтой. Сүү нь дусал бүхнээрээ эд эсийг анагаагч хүчин, ундрах эх булгаараа амьтны амь таслалгүй бүрэлддэг цор ганц идээ билээ.

Эрт дээр үеэс л Монголчууд сүүгээр олон янз, төрлийн бүтээгдэхүүн хийж хэрэглэж иржээ.
Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана, эмтэрхий аяганд хийвэл зочноо илт доромжилсон болно, аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон, аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.

Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна, цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг.
Цайны идээг чимхэж хийвээс ядуурна, бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ. Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг.

Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна.

Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ.
Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.
