Ясны гадаргуу ирмэгээр ургаж товойх үзэгдлийг “яс ургах эмгэг” гэнэ. Ихэвчлэн үе болон үений шөрмөс ястай залгагдсан хэсэгт яс ургадаг.

Хурууны үе, хөлийн өсгий, өвдөг зэрэг газарт яс ургалт их тохиолдоно. Ялангуяа 60-аас дээш насныханд нурууны нугалам яснуудын ирмэгээр яс ургах нь элбэг тохиолддог. Олон хүн нуруунд тань ясан ургацаг бий болсон байна гэхээр нурууныхаа өвдөлтийг үүнтэй холбож үздэг.

Ясан ургацгууд нь нурууны нугалмуудад бодисын солилцооны өөрчлөлт бий болсны, остеохондроз болон спондилез өвчний шинж боловч тэр бүр өвдөлтийн шалтгаан байдаггүй. Харин энэ өөрчлөлтийн улмаас нугасны сувгийг нарийсгасан, ясан ургацаг нь нурууны мэдрэлийн төгсгөлийг дарж цочроож байгаа тохиолдолд өвдөлтийн шалтгаан болдог.
Өөрөөр хэлбэл нугалам ясны ирмэгүүдээр ясан ургацаг бий болох нь рентгенээр илэрдэг шинж тэмдэг юм.

Шалтгаан
Яс ургалтад удамшил, ахуйн ба спортын гэмтэл, зам тээврийн осол, мэргэжлээс шалтгаалсан эсвэл спортын хэт ачаалал, хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ, хордлогууд, бие махбод дахь хүчил шүлтийн тэнцвэр алдагдах, дотоод шүүрлийн өвчин, таргалалт, яс, үе мөчний халдварт болон халдварт бус өвчнүүд, дотор эрхтний архаг өвчин, кальцийн илүү ба дутуу хэрэглээ зэрэг олон шалтгаан нөлөөлнө.
Амьдралын туршид нурууны нугалмууд болон нугалам хоорондын жийргэвч нь өдөр тутам асар их ачааллыг тэсвэрлэж байдаг.

Энэ ачаалал нь насжилтын үйл явц, гэмтэл, бие махбодын яс, үений сул хөгжил зэргээс шалтгаалан нурууны бүтцэд улам хүчтэй нөлөөлөх болсноор нугалам хоорондын жийргэвч элэгдэж, уян хатан чанараа алдаж эхэлдэг.
Түүний хэрээр шөрмөс, үенд ирэх ачаалал ихсэж, улмаар жийргэвчийн мөгөөрсөн бүтэц нягтрах, жийргэвчний дотор шохой хуримтлагдах, мөн үенд ирэх үрэлт ихсэх зэрэг нөлөөлөл нь эргээд ясны гаднах давхаргад нөлөөлөн цочроож ясны эдийг овойж ургахад хүргэдэг.

Яс үений эдийн бодисын солилцооны өөрчлөлт залуу насанд эхэлж, удаан үргэлжлэх бөгөөд 60 наснаас хойш хурдтай явагддаг. Нугалмуудад ясан ургацаг бий болоход нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь амьдралын хэв маяг, буруу дадал хэвшил юм .
Шинж тэмдэг
Яс ургах эмгэгийн үед хурц шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандах шаардлагатай.

Нуруунд яс ургасан тохиолдолд ихэвчлэн нуруу, хүзүү чилж өвдөх, явах үед өвдөлт илүү мэдрэгддэг. Өвдөлт заримдаа гар эсвэл хөлийн араар доошоо дамжих нь бий. Биеийн хүчний ачааллын үед ихсэж, харин амарсны дараа өвдөлт багасдаг.
Түүнээс гадна нурууны бэлхүүс хэсгээрээ урагш бөхийх үед өвдөлт багасдаг.

Хэрэв мэдрэлийн ёзоорыг ясан ургацаг дарж цочроож байвал нэг эсвэл хоёр хөл гар уруу дамжих, гар хөл бадайрах, сулрах зэрэг жийргэвчийн ивэрхий байгаа үед илрэх шинж тэмдэгтэй төстэй шинж илэрдэг.
Х.Алтанхундага
БЭХЭНЗЭ ЭМНЭЛЭГ
