Бөөр шээсний замын эрхтэнд бөөр, шээлэй, давсаг зэрэг эрхтнүүд орно. Бөөрний эмгэгтэй хүнд илрэн гардаг гол зовуурь шаналгаа нь:

Бөөр, нуруугаар өвдөх
Шээсний гарц, хэмжээ, өнгө өөрчлөгдөх
Хавагнах
Артерын даралт ихсэх
Халуурах шинж орно.
Бөөрний өвдөлтийн шинж, эрчим, үргэлжлэх хугацаа, дамжилт, өвдөлт сэдрээх хүчин зүйлсийг тодруулан байж ямар бөөрний өвчнөөр өвдсөн байна гэдгийг олж, түүнд тохирсон эмчилгээг хийдэг.

Бөөрний үрэвсэлт өвчний үед бөөр орчмоор хөшиж, чилэн өвдөнө. Харин нянгийн шалтгаантай бөөрний өвчний үед бөөр орчмоор халуу оргиж, чинэрэх, унжрах байдалтай тод гардаг.
Бөөрөөр өвдөлт үүсэж байгаа шалтгаан нь аяганцар, тэвшинцэр үрэвсэж тэлэгдэх, бөөрний эд эс хөөнгөтөж, томорч тэлэгдсэний улмаас өвдөлт үүсдэг.
Иймээс бөөрний үрэвслийг дарах, нянгийн үржлийг дарангуйлах, шээс хөөж бөөр, давсгыг цэвэрлэх эмчилгээг хийх хэрэгтэй.

Гэвч ямар нянгаар үүсгэгдсэн бөөрний эмгэг гэдгээс хамаарч антибиотикийг сонгох, үрэвсэл хэр байгаа, хаван хэр байгаа, бөөрний үйл ажиллагааны алдагдал хэр байгаагаас хамаарч эмчилгээ янз бүр байдаг.
Гэтэл ард иргэд маань дур мэдэн арга хэмжээ авдаг. Энэ аргууд нь нэг талаараа бөөрний өвчний зовиурыг арилгах боловч нөгөө талаасаа бөөрний өвчинг хүндрүүлэх аюултай байдаг. Ингээд та бүхэн түгээмэл хэрэглэдэг бөөрний өвчний үед хүмүүсийн хийдэг 10 аргыг дурдья.

- Өлөн шээсээ ууж нь хаван хөөж, бөөрний үрэвслийг бууруулах арга.
Хүний шээс бол бодисын солилцооны үлдэгдэл, биед хэрэггүй хортой нэгдэл, нян зэргийг агуулсан шингэн юм. Иймээс шээсийг ууж болохгүй бөгөөд энэ нь хаван бууруулах, үрэвсэл дарах нөлөө огт байхгүй

- Хар даавуунд шар тос түрхээд халааж, нуруу бүсэлхий дээр тавьж, бөөрний үрэвслийг дарах, чилж өвдөх зовиурыг бууруулах арга.
Энэ арга бол нэг талаараа ууц нурууны булчинг суллаж, бөөрний өвчний үеийн чилж өвдөх зовиурыг намдаах боловч халууны үйлчилгээ үзүүлж байгаа учраас бөөрний үрэвслийг үүсгэсэн нян үржих таатай боломжыг бүрдүүлдэг сул талтай. Ялангуяа нянгийн шалтгаант бөөрний үрэвсэлт өвчний үед хэрэглэхийг хориглоно.

- Тэхийн шээг болон бусад эмийн ургамлыг хандалж уух арга
Тэхийн шээг, газрын хаг, нохойн хошуу буцалгаж уух нь бөөр, шээс дамжуулах замын үрэвслийг дарах, шээс хөөх, нянгийн үржлийг дарангуйлах зэрэг эмчилгээний ач тустай. Гэвч эмийн ургамал дотор агуулагдах биологийн идэвхит бодисын хэмжээнээс хамааараад эмчилгээний үр дүн харилцан адилгүй үр дүнтэй.

Иймээс лабораторын нөхцөлд тухайн эмийн ургамалд их хэр биологийн идэвхит бодис агуулагдсаныг үзэж, шалган, эмчилгээний үр дүн үзүүлж чадах эсэхийг нь ялган, тусгай зориулалтын орчинд савлан хэрэглэгчийн гарт хүргэх ёстой.
Иймээс та албан ёсоор лабораторын нөхцөлд шинжилсэн , хоргүй, аюулгүй байдал нь батлагдсан эмийн ургамлыг сонгон хэрэглэвэл эмчилгээний үр дүн сайн байх болно.

- Шар будааны шүүс уух арга
Шар будаа бол тэжээлэг чанар өндөртэй, кальци, цайр, фолийн хүчил, төмөр зэрэг эрдэс агуулсан байдаг. Иймээс бөөрний үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд эрдсийг нөхөх зорилгоор хэрэглэж болно.
- Нуруугаар чанга бүсэлж, өвдөлтийг бууруулах арга
Бөөрний өвчний үед нуруу бусэлхийний булчин чангарч, бөөрний эдэд үрэвсэл явагдсаны улмаас чилж өвддөг. Энэ үед нуруу бүсэлхийгээр чангалж бүслэх нь хэсэг газрын цусан хангамжыг багасгадаг тул үрэвслийг улам даамжруулах хандлагатай. Иймээс нурууны бүсийг бөөр унжилттай хүнээс бусад хүмүүс зүүх шаардлагагүй.

- Өвдөлт намдаах эмийг ойр ойрхон уух
Бөөр өвдсөн үед өвдөлт намдаах эмийг болгоомжтой уух хэрэгтэй. Олон удаа ойр ойрхон уух нь бөөрний үйл ажиллагааг улам доройтуулж, бөөрний цочмог дутагдалд хүртэл хүргэх аюултай. Ялангуяа бөөрний өвчний үед ибупрофен эмийг болгоомжтой ууж хэрэглэхийг сануулья.
- Дур мэдэн төрөл янз бүрийн антибиотик уух арга

Бөөр уусан эмийн 70-80% шүүж, биеэс гадагшлуулдаг эрхтэн. Мөн бөөрийг сонгомлоор гэмтээдэг антибиотик ч байдаг. Иймээс дур мэдэн антибиотик уух нь бөөрний өвчинг үүсгэсэн нянг антибиотикт дасал болгох цаашлаад бөөрийг хордуулах аюултай байдаг.
- Шээс хөөх эмийг удаан хугацаагаар ууж, бөөрний хаванг бууруулах арга
Эмчийн заавраар богино хугацаанд хэрэглэж, цусан дахь эрдсийг хянаж байх хэрэгтэй. Хэрэв жоргүй дур мэдэн, шээс хөөх эмийг удаан хугацаагаар уухад цусанд калийн хэмжээ ихсэж, натрийн хэмжээ багасах, элэг бөөрний үйл ажиллагаа алдагдан, бөөрний өвчин улам даамжрах аюултай.

Бөөр яагаад өвддөг вэ?
Бөөр бол ялгаруулах эрхтэн тогтолцоо бөгөөд гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл явц юм. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг.
Бөөрний өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйлс:
Амьтны гаралтай мах ихээр идэх
Шингэний хэмжээг гүйцэт авахгүй байх
Хоол хүнсийг зохисгүй идэх
Халуун нөхцөлд ажиллах

Хүн өдөрт тогтмол 2-2,5л ус уух ёстой. Өдөрт хангалттай ус уугаагүйн улмаас усгүйжиж, шээс элсжиж эхэлдэг. Үүнээс шалтгаалж бөөрний чулуу үүсдэг. Энэ эмгэг нь сүүлийн жилүүдэд тархалт нэмэгдсээр байна. Бөөрний чулуу гэдэг нь жижиг кристалаас үүссэн хатуу бөөгнөрөл юм. Бөөрөнд нэг болон түүнээс олон чулуу үүсч болно.
Гол шинж тэмдэг нь гэнэт гарч ирнэ, ихээхэн өвдөлт мэдрүүлж мөн гэнэтхэн алга болдог байна. Өвдөлт нь нурууны хажуу талаар болон хэвлий хэсгээр илүү их мэдрэгддэг. Түүнчлэн салтаа болон төмсөгний хэсгээр өвдөлт даамжран мэдрэгддэг байна.
Бусад шинж тэмдгүүд:
Шээхэд шээсний өнгө хэвийн бус байх
Шээс цустай байх
Даарах
Халуурах
Дотор муухайрах
Бөөлжих гэх мэт.

Бөөрний чулуун олон төрөл байдаг.Нарийн шалтгаан нь чулууны хэлбэрээс болно. Кальцийн чулуунууд түгээмэл тохиолдоно. Эдгээр чулуунууд нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд 20-30 насныханд ихэвчлэн илэрдэг. Кальци нь чулуу үүсгэдэг оксалэт (түгээмэл байдаг бодис), фосфат, карбонот гэх мэт бодисуудтай нэгддэг.
Мөн шээсний хүчил шүлтийн орчин хамааралтай. Шээсний хэвийн орчин /5,5-6,8/байдаг бол бөөрний чулуутай хүмүүсийн шээс хүчиллэг болж эхэлдэг. Шээсэнд кальцийн оксалэтын давс үүсдэг. Энэхүү давс удах тусмаа хоорондоо нягтаршиж хурц ирмэгтэй талстыг үүсгэж шээх явцад шээлүүрийн хучуур эсүүдийг гэмтээж, шээсээр улаан эс гадагшилж эхэлдэг. Үүнийг бид цустай шээх гэж ярьдаг.
Бөөрөнд үүсэж буй чулууг бүтэц, химийн найрлагаар нь : оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.
Оксалатын чулуу: Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно.
Фосфатын чулуу: Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.
Уратын чулуу: шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
Карбонатын чулуу: нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.
Цистины чулуу: цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
Уургийн чулуу: фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.
Бөерний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг.
Оношилгоо
Энэхүү өвчин нь өвчин намдаагч хийлгэх шаардлагатай хурц өвдөлттэй. Хэвлий нурууний хэсгээр хөндүүрлэж болно.
Бөөрний чулууны шинжилгээнд дараах зүйлүүд багтдаг.
Чулууны төрлийг тодорхойлох шинжилгээ
Шээсний хүчлийн түвшин
Кристал болон шээсэн дэх улаан эсийн байдлыг харах шинжилгээ
Шээсний замын бөглөрөл болон чулууг илрүүлэх оношилгоо:
Хэвлийн хэсгийн СТ
Хэвлийн хэсгийн /бөөрний MRI
Хэвлий хэсгийн рентген зураг авах
Судасны pyelogram (IVP)
Бөөрний хэт авиа
Ритрогрэд pyelogram.
Шээсний ерөнхий шинжилгээ
Бөөрний үндсэн үүрэг нь шээс ялгаруулах бөгөөд шээс нь бодисын солилцооны 100 орчим төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүдийг агуулсан байдаг. Тийм ч учраас шээсийг шинжилснээр тухайн хүний эрүүл мэндийн талаар нилээд мэдээлэл авдаг.
Хүндрэлүүд
Өвчилсөн бөөрний үүрэг нь алдагдах, эсвэл буурах
Бөөрний гэмтэл, шарх үүсэх
Шээсний сувгийн түгжрэл үүсгэдэг чулуунууд дахин илрэх
Шээсний замын халдвар гэх мэт.
Урьдчилан сэргийлэх
Хэрэв та өмнө нь бөөрний чулуужилттай байсан бол хангалттай хэмжээний шээс гаргахын тулд өдөр бүр 6-8 аяга шингэн уух шаардлагатай.
Чулууны хэлбэрээс хамаарч чулуужилтаас урьдчилан сэргийлэхийн тулд эм уух болон бусад арга хэмжээг өөртөө авах хэрэгтэй. Зарим төрлийн чулуужилтаас сэргийлж хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Бөөр өвдөж эхэлсэн бол эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Мөн эмчийн заавраар шинжилгээ өгнө.
Шээсний өнгө
Шээс маш олон төрлийн өнгөтэй байдаг. Гүн шар өнгө эсвэл зөгийн балны өнгөнөөс цайвар шаргал хүртэл маш олон өнгөний хувилбар бий.
Өнгөгүй. Тунгалаг: Та маш их ус уудаг. Та ус уухаа багасгаж болно.
Зэвхий шаргал: Таны бие хэвийн, эрүүл бөгөөд чийгшил сайтай байна.
Тунгалаг шар: Таны эрүүл мэнд хэвийн байна.
Бараан шар/Өтгөн шар: Хэвийн. Гэхдээ ус ойр ойрхон уух хэрэгтэй.
Хуван шар эсвэл зөгийн балны өнгө: Таны бие хангалттай хэмжээний ус авахгүй байна. Ус уух хэрэгтэй.
Хүрэн: Таны элэг өвдсөн байж болзошгүй. Эсвэл маш бага хэмжээний чийгшилтэй байна. Ус уух хэрэгтэй бөгөөд эмчид үзүүлээрэй.
Улаан туяатай, ягаан: Та саяхан хүрэн манжин, нэрс эсвэл гишүүнэ идсэн үү? Хэрэв үгүй бол таны шээс цустай байж болзошгүй. Энэ нь хэвийн үзэгдэл ч байж болно. Эсвэл бөөрний өвчин, хавдар, шээсний замын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт асуудлууд байж болзошгүй. Мөн хар тугалга эсвэл мөнгөн усны хордлогын шинж тэмдэг байж болно. Та заавал эмчид хандаарай.
Улбар шар: Та хангалттай ус уухгүй байна. Эсвэл та элэг, цөсний асуудалтай байж болзошгүй. Мөн хүнсний будаг ч байж болно. Та эмчид хандаарай.
Хөх эсвэл ногоон: Маш цөөхөн тохиолддог генийн өвчнүүд таны шээсийг хөх эсвэл ногоон болгож хувиргадаг. Түүнчлэн, зарим төрлийн бактери шээсний замыг үрэвсүүлдэг. Мөн таны идсэн хүнсний будаг эсвэл хэрэглэсэн эмнээс ч ийм өнгө гарч болно. Эмчид хандах шаардлагатай.