Монос нь 2-10 м хүртэл өндөр ургадаг сөөг буюу модлог бөгөөд дэлхий дээр 15 төрөл зүйл байдаг. Монголд 1 зүйл нь ургадаг. Модны гол нь хар саарал бүүдгэр өнгөтэй, залуу мөчрүүд нь хүрэн бүрхүүлтэй, навч нь богино шилбэтэй, захаараа жигд шүдлэгтэй, зуйван дугуйдуу далбагар байдаг.

Навчны дээд тал нь бүдэг, доод тал нь үрчгэрдүү. Цэцэг нь цагаан өнгөтэй, 12 см урт цацаг багц цэцэг доош тахийж ургадаг. Цэцэг, навч, холтосноос өвөрмөц үнэр ханхалдаг. 5-6 сард цэцэглэж, 8 сард жимсэлдэг.
Жимс нь яслаг хар өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй 5-8 мм диаметртэй, амтлаг боловч хэл аманд зууралдангитай байдаг. Хурц үнэр нь нян устгах чадвартайгаас гадна түр буусан шавьж хорхойг ч үхүүлэх чадвартай.

Тэр дундаа бясаа, нохой бөөс, бөөс ч үхнэ. Байр сууц, өрөө тасалгаанд моносны том баглаа цэцгийг тавихад бие сулрах, толгой эргэх, өвдах зэрэг хордлогын шинж илэрч эхэлдэг. Ийм үед цэвэр агаар оруулах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд монос нь хорт ургамал юм. Гэвч жимсийг нь хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой.

Моносны био идэвхт бодис : Жимсэнд нь чихэрлэг 5%, органик хүчлүүд : алимны, нимбэгний амин дэмүүд, Р, С 18мг% хүртэл, пектинт бодис, эфирийн тос, эдээлгэ бодис, флавоноид, антоциан.
Үрэнд нь /ясанд нь/ эфирийн тос1.8 болон бусад ашигт бодисууд. Навчинд нь С амин дэм 300мг% хүртэл, эфирийн тос, органик хүчлүүд, эдээлгэ бодис, хальсанд нь эдээлгэ бодис 2-3 %, чөлөөт хүчлүүд 0.09%, цэцгэнд нь гликозид тус тус агуулагддаг.

Ардын эмчилгээнд монос нь үрэвсэл намдаах, суулгалт тогтоох, нян, мөөгөнцрийн өсөлтийг зогсоох, хөлрүүлэх, шээс хөөлгөх, ханиалга дарах, үе мөч зэргийг эмчлэхэд хэрэглэгдэхээс гадна жирэмслэлтээс хамгаалдаг.
Эмийн журмаар жимс, цэцэг, навч, холтосыг хэрэглэнэ. Мойлыг бүрэн болцтойд нь хар өнгөтэй, шүүслэг болмогц түүнэ. Жимсийг муудаж гэмтээгүйг нь ялган авч цэвэрлээд пийшинд эсвэл хатаагчинд 40-50 градусын дулаанд 1-2 см үелүүлэн шүүрэн тавиур дээр хатаана.

Цаг агаар дулаан хур бороогүй байвал наранд дэлгэж хатааж болно. Сайн хатаасан мойлыг хуурай байранд зөв хадгалбал 5 жил мууддаггүй.
Шинэ буюу хатаасан мойл нь ходоодыг бэхжүүлж, суулгалт, гэдэсний хижиг, ходоодны үрэвсэл, ходоод, 22 нугалаа гэдэсний шархлаа, гэдсээр хатгуулж өвдөх зэрэгт хэрэглэгдэнэ.

Ардын эмчилгээнд моносны цэцгээр буцалгамал бэлтгэж жирэмслэлтээс хамгаалахад хэрэглэнэ. Цэцгийг цагаан архинд хандлаад тулай, үе мөчний хэрх өвчний үед арчиж түрхэж хэрэглэнэ. Маш жижиглэн нунтагласан холтсоор бөөлжүүлэх, туулгахад ашиглана.
Моносны навчаар ханд бэлтгэн уушигны сүръеэ, мэнгэр, ходоод гэдэс хямрахад ууж, амны хөндийн үрэвсэлд хоолой ам зайлж хэрэглэнэ.

Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь түүнийг маш эртнээс ашиглаж, байсныг гэрчилнэ. Мойл нь Монгол, Орос улсын Урал, Сибирь, Алс Дорнодын нутагт түгээмэл ургадаг бөгөөд ягаан цэцэгний бүлгийн бутлаг, модны хар хөх өнгийн исгэлэн амттай, ашигтай жимс юм.
Найрлагадаа нүүрс ус 5 хувь хүртэл, алим ба нимбэгийн хүчил, эфирийн тос, биологийн идэвхит бодисоос төмөр, манган, цайр, зэс, магни, кобальт агуулна. Мойл нь голын дагуу 10 хүртэлх өндөр модонд ургана.

Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юм уу, тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. Гэхдээ хэт хатааж болохгүй. Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.
Мойл нь идээлэгч бодис ихээр агуулснаар эгшээх үйлчилгээтэй байх бөгөөд тэрээр хар нэрснээс илүү ходоод гэдэс эвгүйцэх, хямрахыг эмчлэх ба туулгалтын эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ.

Мойлыг шинэхэнээр нь, эсвэл хатаасан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж хэрэглэдэг. Мойлоор сэрүүцүүлэх ундаа, дарс бэлтгэнэ. Мойлны шүүс хүнсний зориулалтын будагч болдог. Мойлыг ихэнхдээ барьцалдуулагч хэлбэрээр ашигладаг.
Мойлны ясыг буталж хатаагаад гурил гаргаж төрөл бүрийн нарийн боовны, чихрийн хачир болгон үйлдвэрт ашигладаг. Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахад хэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, нэг стакан буцалсан усанд нэг цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.
Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.
