Сайхан бие цогцостой байх,толигор арьстай болох, эрүүл байх зэрэг олон шалтгаанаар бүсгүйчүүдийн маань дунд мацаг барьдаг хүмүүс их олон болцгоожээ.

Гэхдээ хавар мацаг барьж бөөр зүрх 7 тамир нь муудсан хүмүүс ирж үзүүлэх юм гэж зүрх судасны Б.Болдсайхан эмчийн бичсэнийг уншаад уламжлалт анагаахын их эмчийн хувьд,мөн иймэрхүү өвчин туссан хүмүүсийг эмчлэх шаардлага нэлээн их тохиолдох болсноос хамааран энэ талаар бүсгүйчүүддээ дэлгэрүүлэн тайлбарлаж зөв ойлголт өгөх нь чухал гэж бодлоо.
Саяхан нэг бүсгүйн мацаг барьдаг зарчмаа фейсбүүк найз нартайгаа хуваалцсаныг уншихад 3 өдөр дараалан юу ч идэхгүй бөгөөд орой бүр өөртөө клизм тавина гэнэ. Эхний өдөр 500 гр ус орой нь аяга жүүс, дараагийн өдөр 500 гр ус ,3 дах өдөр бүр юу ч идэж уухгүй гэжээ.

Хүн хоолгүй 3 өдөр байхад өдөрт зарцуулагдах энергээ аваагүй болохоор ядарч тамирдана,за хоолгүй 3 хоноход болох юм гэхэд өдөр бүр кг жин тутамдаа дор хаяж 40 гр аар бодон хэрэглэх зайлшгүй шаардлагатай шингэнээ хэрэглэхгүй бол яаж болох вэ. Үүнийг уншаад дагаж мацаг барьж байгаа хүн нэлээн байгаа байх,бас энэ мацагаасаа болоод өнөөдөр эс ч дараа жил гэхэд зүрх голын хийтэй болчихоод өөрөө төдийгүй гэр бүлийнхнээ шаналган зовох хүн олон байгаа даа гэж өөрийн эрхгүй санаа зовлоо.

Хүний биеийг уламжлалт эмнэлгийн онолоор бол хий шар бадгана гэж 3 махбод бүрдүүлдэг гэж мэдээж та сонсоо л биз. Шар нь элэг цөсийг шүтэн биеийн дунд хэсэгт оршино. Бадган нь тархинд шүтэн биеийн дээд хэсэгт оршино. Харин одоо миний голлон ярьж тайлбарлах гээд байгаа хий нь эрүүл үедээ доод биед голлон орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд,6 сав эрхтнээс гол судал,олгойд/бүдүүн гэдэс/, 7 тамираас ясанд, 5 эрхтнээс чихэнд голлон оршино, арвидан хямарсан хий дээш хөөрдөг гэж үздэг төдийгүй үнэхээр ч хий арвидан хямарч өвчин үүссэн үед эдгээр эрхтнүүдэд өвчний шинж голлон илэрдэг.

Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан нь
-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа,хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх,хэт өлсөх, ундаасах, хий хөдлөдөг хаврын улиралд хоол хүнс бага хэрэглэн тамирдах,удаан өлсөх.
-Цаг улирлын. Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах.

-Явдал мөрийн. Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,гэнэт айж цочих, нойр хоол алдах, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, хэт ажиллах, удаан хугацаагаар өвдөж тамир доройтох.
-Этгээд нөхцөлийн. Цус алдах, гэнэт айж цочих гэх мэт 4 үндсэн нөхцөл байдаг.

Хавар хий махбодь арвидан өвчин үүсэх нь их бөгөөд ингэж өвчилж байгаагийн шинж тэмдэг нь хийн өөрийн нь хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг зэрэг 6 үндсэн билэг чанараас үүдэн гарсан амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх,арьс нь хуурайших, ширүүн болох, нойр муудах, элдэв зүүд зүүдлэх, амархан уурлах гомдох зэрэг шинжээр илэрдэг.

Харин сүүлийн үед бүсгүйчүүдийн нэлээн их өвчлөх болсон ч эмч болгон амархан эмчлээд байж чаддаггүй голын хий өвчин нь айж сандрах, амархан цочих, толгой эргэх,нүд эрээлжлэх,заримдаа дайвалзаж ухаан балартах,амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох,хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах, хий огих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,гэдэс дүүрэх ,унгах хэхрэх үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэг. Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Монголчууд эрт дээр үеэс зун намрын халуун улиралд сэрүүн чанартай ямааны махаа хэрэглэ,өвөл хүйтэн сэрүүний улиралд халуун чанартай адууны махаа хэрэглэ,үхрийн мах тэгш чанартай учир аль ч улиралд хэрэглэж болно,харин хавар хий хөдөлдөг учир хий дарах үйлдэлтэй хонины махыг хүнсэндээ хэрэглэн даарах өлсөхийг цээрлэн явах учиртай гэж үе дамжин сургаж ирсэн нь ийм учиртай билээ.
Бас бадган голлох эс шингэх өвчнийг зохистой хэмжээгээр өлсгөн засдаг,махан хоол ихээр хэрэглэсэн өвөл хаврын улирлын дараа биеэ хөнгөлөн ходоод гэдсээ цэвэрлэн,бас кальцийн хэрэгцээгээ хангах зорилгоор цагаан идээ түлхүү хэрэглэн мацаг барьдаг байснаас биш одоогийн бидэн шиг хий хөдөлдөг хаврын улиралд голын болон савны хий өвчнийг үүсгэх гол шалтгаан болсон өлсөн ундаасан бас хэтрүүлэн туулга хэрэглэн байж мацаг барьдаггүй байж.

Хүнийг ч хий шар бадган 3 махбодоор ангилан хурдан шаламгай хөдөлгөөнтэй,амархан баярлаж гомдож уурладаг, туранхай эцэнхий бээрэг, зан чанар тогтворгүй нэгнээ хий дийлэнхүй чанартай, хий өвчнөөр өвдөх хандлагатай хүн гэж шинжин өлсөж цангахгүй дулаахан орчинд бүлээн шитмэй идээ ундаа хэрэглэн сэтгэлд зохистой хүнээр асруулан байхыг зөвлөдөг байж.
Тэгэхээр сүүлийн үед голын хий өвчнөөр шаналан хаана хандахаа мэдэхгүй байгаа бүсгүйчүүд төдийгүй идэр залуучууд ч олон болж байгаа гэдгийг санан танд үнэхээр мацаг барих шаардлага бий юу? Танд мацаг барьвал сэдрэхээр хий өвчний ямар нэг шинж байгаа бол уу? Энэ мацаг барих дэглэм маань үнэхээр зөв үү?энэ мацгийг барьснаар үнэхээр та эрүүлжих үү? гэдгээ олон талаас нь бодон тунгаан байж хэрэглээрэй.

Буруу улиралд буруу мацаг бариад эрүүлжих бус зүрх голын хийтэй болчих вий дээ.
Голын хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан, зүү, төөнүүр, халуун тосон бариа, бүх биеийн зөөлөн тосон бариа, халуун бүлээн жин засал, монгол төөнө зэрэг эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй. Хий өвчний үед даарах жиндэх, ямаа тэмээний мах, цагаан будаа идэх, сэтгэл зовох, цус хануулах хориотой.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага
Шинэ жилээр өмсөх даашинзнаасаа болоод мацаг барьж байгаа гэж ярих бүсгүйчүүд цөөнгүй байна. Жингээ хасахын тулд хэрхэн зөв мацаг барих талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Мацаг гэдэг нь хоол сойх үйл явц юм. Хүмүүс мацаг барина гэхээр 24, 48, 72 цагаар урт хугацаанд шим тэжээл буюу хоол хүнс хэрэглэхгүйгээр зөвхөн шингэн зүйл ууна гэж ойлгодог. Турахын тулд мацаг барина гэдэг буруу хандлага. Тэгэхээр мацаг барих гэж байгаа бол эхлээд улирлыг тооцох хэрэгтэй. Хүйтэн, сэрүүний улиралд урт хугацааны мацаг барьдаггүй. Хэрвээ дулааны улиралд мацаг барих гэж байгаа бол эхлээд завсарлагатай аргачлалыг сонгох хэрэгтэй. Дараа нь урт хугацааны мацаг барихыг зөвлөе.

Гэхдээ мацаг барихаасаа өмнө элэг болон бөөрний үйл ажиллагаа хэвийн эсэхийг мэдэхийн тулд шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүний дараа эмчийн заавраар мацаг барих ёстой. Түүнээс биш жингээ хасах гэж байна гээд хүйтэн, сэрүүний улиралд гэнэт 3-4 хоногоор хоолоо сойх нь эргээд тухайн хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг. Эмэгтэйчүүдэд анхааруулж хэлэхэд жүүстэй мацаг гэж байдаггүй. Тиймээс бүх зүйлийг мацагтай холбох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт.
-Та завсарлагатай мацгийн талаар ярьсан. тодруулж өгөхгүй юу?

-Орчин үед завсарлагатай мацаг барих аргачлалыг хэрэглэх болсон. Хамгийн түгээмэл хэрэглэдэг хоёр төрлийг нь танилцуулъя. Эхнийх нь 5:2 гэдэг аргачлал. Энэ нь ямар учиртай вэ гэхээр долоо хоногийн хоёр өдөр мацаг бариад таван өдөр нь та энгийн хоолоо идээд явахаар зохицуулж өгдөг. Тухайлбал, та мягмар, пүрэв гарагт мацаг барьж бусад өдөр нь энгийн хоолоо иднэ гэсэн үг. Энгийн хоол гэхээр хүн хоногт дунджаар 2000 ккал илчлэгийг хоол хүнсээрээ авч байх ёстой гэж үздэг.

Харин мацаг барихдаа хов хоосон байхыг зөвлөдөггүй. Өдөрт 500- 600 ккал илчлэгтэй хүнсийг нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг. Дараагийнх нь 16:8 гэдэг аргачлалыг завсарлагатай мацаг гэдэг. Хоногт 24 цаг байдаг бөгөөд үүний найман цагийг нь унтаж өнгөрүүлдэг. Үлдсэн 16 цагийг ажил, амьдралдаа зарцуулдаг. Үүний найман цагт нь хоолоо сойгоод үлдсэн найман цагт нь хоолоо идэж болох аргачлалыг хэлдэг. Тодруулбал, 12:00-20:00 цаг хүртэл та хоол иднэ. Харин 20:00 цагаас маргааш өдрийн 12:00 цаг хүртэл мацаг барих юм. Тэгэхээр өглөөний цайгаа 12:00 цагт ууна гэсэн үг.

-Мацаг барихад хориглох зүйл байдаг уу?
-Жирэмсэн хүн мацаг барихгүй. Мөн ходоод гэдэсний үрэвсэлтэй хүмүүс хоол сойх нь зөв зүйл биш. Гэхдээ ходоодны шархтай, үрэвсэлтэй хүмүүс 12:00 цаг хүртэл хоол сойхгүйгээр 18:00 цагаас хойш юм идэхгүй байж болно. Энэ арга нь ямар нэгэн өвчтэй хүмүүст тохиромжтой. Тэгэхээр хүн бүр ижил зарчмаар явж болохгүй. Өөртөө тохируулах хэрэгтэй.
-Завсарлагатай болон урт хугацааны мацаг барьж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

–Мацаг барина гэхээр юу ч идэж, уухгүй байна гэсэн үг биш. Хүний биед шимт бодисоос гадна шингэн хэрэгтэй. Тиймээс мацаг барьж байх хугацаандаа өдөрт хамгийн багадаа 250 мл хэмжээтэй, найман аяга ус уух ёстой. Мацаг барих гол зорилго нь бие махбодоо цэвэршүүлж, эрүүлжүүлэх учир цэвэрлэгээний цай уухыг зөвлөдөг. Анхааруулах ёстой зүйл гэвэл, мацаг барьсны дараа зөвөөр тайлах нь их чухал байдаг. Тиймээс өглөөний цайндаа гликемик индекс багатай буюу нүүрсний агууламж багатай хүнсийг түлхүү хэрэглэж байх ёстой. Завсарлагатай мацгийг 7-14 хоногоос хэтрүүлэх хэрэггүй. Хоол сойж буй үед өөх тос, уураг, нүүрс буюу хүний бие махбодод шим тэжээл өгдөг зүйлийг хэрэглэх ёсгүй. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хамгийн тохиромжгүй зүйл. Түүнчлэн цай, кофегоо чихэргүй хэрэглэх хэрэгтэй гэсэн зарчмууд бий.
-Зөв мацаг барьж чадвал ямар үр дүнд хүрэх вэ?
-Мацаг барих үед өөх шатаалт маш хүчтэй явагддаг. Тодруулбал, хоолоо сойх үед дотоод хуримтлагдсан өөх тосыг задлах замаар энерги гаргаж, өөхийг шатаадаг. Үүний дараа нөөц энергиэ шатаах явцад бие махбодод дотоод хүчил шүлт үүсдэг.Үүний нөлөөгөөр бие махбодод эсийн дотоод хооллолт буюу аутофаги механизм өрнөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотроосоо цэвэршиж эхлэх юм. Ингэснээр мацаг барьсан хүний бие эрүүлжиж, залуужихаас гадна урт насална.
Түүнчлэн эрүүл амьдралын хэв маягийг зохистой хэрэглээд ирэхээр жин хасагдах нь ойлгомжтой зүйл шүү дээ. Мацгийг тодорхой хугацаатай, зөв зохистой барихгүй бол өөхийг шатааж дуусгаад бидний булчинг задалж эхэлдэг. Тэгэхээр аль ч аргачлалыг сонгосон хугацааг хэтрүүлж болохгүй. Буруу мацаг баривал таны биед сөрөг нөлөөтэй. Анх удаа мацаг барьж байгаа хүн 24, 48, 72 цаг болон олон хоногоор барих нь зохисгүй. Тиймээс завсарлагатай мацаг барих аргачлалыг сонгоорой.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин