ВИТАМИН D

Витамин Д ясыг бэхжүүлдэг гэдгийг бид сайн мэднэ. Түүнээс гадна олон архаг өвчнөөс хамгаалдаг. Организмд Витамин Д хангалтай их байгаа үед шинээр цусанд уурагтай төстэй бодис үүсгэдэг. Энэ нь бактери, вирусээс организмыг хамгаалах үйлчилгээтэй байдаг ба ийм организмд олон төрлийн бактери, вирус түүний дотор Mycobacterium tuberculosis үржиж идэвхжих ямарч боломжгүй. Dr. Garland өөрийн судалгаандаа үндэслэн витамин Д хангалттай их үед олон архаг өвчин, түүний дотор бөөр, хөх, бүдүүн гэдэс, өндгөвчийн болон бусад хавдар 50-80% бага байна гэж дүгнэжээ.

Америкийн зүрхний эмч нарын холбооны сэтгүүл (Circulation)-д нэгэн судалгаа гарчээ. 1739 эрүүл хүнийг 5,4 жил ажиглаад витамин Д дутагдалтай хүмүүс зүрхний өвчнөөр 2 дахин илүү өвчлөх магадлалтайг баталжээ. Өөр нэг судалгаа (Archives of Internal Medicine ) сэтгүүлд гарчээ. Уг судалгаанд 10 жилийн турш шигдээс болж эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн витамин Д-г шалгахад бүгд Д-витамины дутагдалтай байжээ. Үүнээс ямар дүгнэлт хийх нь ойлгомжтой биз дээ.

Цусны даралт ихсэх механизм нь ренин-ангиотензин-альдостероны холбоотой явагддаг. Ренин нь (хүний биед үүсдэг химийн бодис) ангиотензин-г (даралт ихэсгэдэг гормон) бий болгоход оролцдог. Ангиотензин нь альдостроны ялгаралтыг нэмэгдүүлдэг. Альдострон нь цусны даралтыг ихэсгэж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг. Д витамин рениний ялгаралтыг багасгадаг. Ингэснээр даралт ихсэхээс хамгаалдаг.
Жирэмсэн эхэд Д витамин өгөхөд жирэмсний янз бүрийн хүндрэлээс эхийг хамгаална. Ургийн жинг хэт өсөхөөс хамгаална, урагт хэвийн биш эс бий болохоос сэргийлнэ, ургийг гадны халдвараас хамгаална, ямар нэг архаг өвчин үүсэхээс хамгаална гэнэ. Төрсөн эхэд Д витамин 10000 IU өгөхөд хүүхэд 1/5 буюу 2000IU авна. Тэгвэл хүүхдэд Витамин Д өгөх шаардлагагүй.

Витамин Д диабетаас хамгаалдаг. 1966онд Финланд улсад 10821 нярайд 2000 IU витамин Д өгөөд энэ хүүхдүүдийг 31 жил ажиглажээ. Судалгааны дүн- Д витамин диабетаас 88% хамгаалдаг гэж гарчээ. Харин Финланд улс 1975 оноос 2000IU витамин Д -г 1000IU болгож, 1992 оноос 400 IU болгожээ. Ингэснээр 1999 он гэхэд сахарын өвчнөөр дэлхийд 1 номерт бичигдэх болжээ. 400IU гэдэг нь нэг халбага загасны тосонд байдаг хэмжээ, үүнийг одоо өдрийн норм болгоод байгаа.

Д витамин хавдраас урьдчилан сэргийлэх ба хавдрын өвчтэй хүнд чухал нөлөөтэй. Организмд шинэ эс үүсэх болон хуучин эс үхэх процесс секунд болгонд явагдаж байгаа. Д витамин нь хөгширч хэрэггүй болсон эсийн үхэх процесст ( апоптоз) оролцдог. Харин инсулин нь шинээр эс төрөх процесст оролцдог. Энэ 2 үйл явц ойролцоогоор тэнцүү байдаг.
Тэгвэл диабет 2-ийн үед цусанд инсулин ихээр хуримтлагдана, яг энэ үед Д витамины дутагдалтай байвал маш олон эс шинээр үүсэж, харин хөгширсөн эсийн үхэх процecc удааширна.

Ийм тохиолдолд хэт олон шинэ төрсөн эс патолог эс болж хувирдаг, энэ нь яваандаа хавдрын эс болдог. 3299 хүнд хийсэн судалгаагаар цусанд витамин Д хангалттай өндөр байгаа үед хавдраас 50% хамгаалдаг гэж гарчээ. Өөр бас нэг судалгаа 1179 менопаузын дараагийн насны эмэгтэйчүүд витамин Д + кальцийн бэлдмэл хослуулан хэрэглэхэд эмэгтэйчүүдийн хавдраас 60% хамгаалдаг юм байна гэжээ.

American Journal of Public Health сэтгүүлд 2006 онд нэг судалгаа гарчээ. Судлаачид өмнө хийгдсэн хавдрын 76 судалгаанд дахин анализ хийж үзээд Д витамины дутагдал хавдар үүсэхэд нөлөөлдөг гэдгийг дахин баталсан байна. Норвеги улсад хийсэн судалгаагаар витамин Д хавдартай өвчтөний үхлийг удаашруулдаг болохыг баталжээ.
Америкийн Cooper -н эмнэлэгт 12594 хүнд хийсэн судалгаагаар витамин Д-н дутагдал депресс үүсгэдэг юм байна гэж гарчээ. Норвеги улсад 21-70 насны 159эрэгтэй, 282 эмэгтэй депресстэй өвчтөнүүдэд Д витаминыг 20000 IU – 40000IU өгөхөд хурдан засал авч байсан байна.

Д витаминыг ямар дозоор өгөх вэ? Нярайд 2000 IU өгөх юм байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдэд 3000-5000IU. Том хүнд бол 10000 IU -с эхлэх нь зөв болуу. Тухайн хүнд яг ямар хэмжээний витамин хэрэгтэйг гаднаас нь хараад мэдэх боломж байхгүй. (далдыг хардаг л биш бол) Тиймээс 1 сар тухайн дозыг уугаад шинжилгээ өгөх ёстой. Эрүүл хүн бол 80-100 ng/ml, өвчлөх гээд байгаа хүн бол 100-аас дээш ng/ml болгох хэрэгтэй. (Америкт байгаа хүмүүс бол энэ хэмжээг 2,5 -р үржүүлэх ёстой. Тэнд nmol/l байдаг) Скандинавын орнууд витамин Д 100 ng/ml байвал тохиромжтой гэж тогтоосон.

Англи улс 100-200ng/ml байвал тохиромжтой гэж үзсэн. Тэгвэл бид ядахдаа 100 байлгавал яасан юм бэ? Олон улсын норм 30 -80 ng/ml байгаа. Манайд өвчлөл ихтэй юм чинь 100-аас дээш байлгавал тохиромжтой болуу. Польшийн 1979 оны эм зүйн номон дээр витамин Д – ийн эмчилгээний доз кг жинд 10000IU гэсэн байна. Тэгэхээр 100кг жинтэй хүнд 1сая IU өгч болно гэсэн үг. Ханиад, томуу халдварт өвчний үед 100000IU 3 удаа,хоногт 300000IU уувал хурдан эдгэрдэг гэсэн байна. Эцэст нь витамины дозыг яаж шилжүүлэх талаар хэдэн үг хэлэе. 1000IU=25mcg, 1mcg=40 IU, 400IU = 10mcg , 10000IU=250 mcg/ mcg-микрограм, 1гр = 1000000mcg/. Олон улсын нэгжийг 40-д хуваавал микрограмын хэмжээ гарна.

Хамгийн сүүлд нэг юм хэлэхэд манай витамины зөвлөгөө өгч байгаа эмч нар витамин ихэдвэл аюултай гэж голдуу хэлэх юм, энэ чинь би витамин мэдэхгүй гэсэнтэй адил үг шүү. Эмийн корпорацууд витамин уулгахгүй гэж тийм сурталчилгаа хийдэг. Витамины хордлого гэж байхгүй. Хэн нэгэн витамин ууж өөрийгөө егүүтгэе гэвэл чадахгүй. Яагаад гэвэл витамин тийм хортой биш. Манай монголд энэ хүн витамин уугаад талийгаач болсон байна гэсэн патанатомийн тайлан харсан эмч байна уу. Мэдээж байхгүй гэж бодож байна. Америкийн клиникийн токсиколог гэдэг сэтгүүлд жил бүр хордлогоор нас барсан хүмүүсийн тоо гардаг.

Эмний хордлогоор 70-80 мянган хүн жил бүр, витаминаас болсон нас баралт байхгүй байгааг харж болно. Энд витамин Д-ийн тухай бидний мэдэхгүй болуу гэсэн жишээнүүдийг авлаа, бусдыг нь бол манайхан мэдэж байгаа.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
Витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Судалгаагаар витамин Д нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болдог. Өөрөөр хэлбэл хүний биеийн бүхий л хэсэгт шаардлагатай аминдэм юм.

Их Британийн эмч нар Европын 20 оронд судалгаа хийж Д аминдэмийн дутагдал нь COVID-19-ийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Иймд COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөсөн. Гэвч Д витамин танд яг ямар хэмжээтэй байвал зохистойг нарийн шинжлүүлэх шаардлагатай.
Хүний биед байгаа витамин Д-ийн хэмжээг 4 түвшинд хувааж үздэг. Үүнд:
Дутагдалтай < 10ng/ml
Хангалтгүй 10 – 30ng/ml
Хангалттай 30 – 100ng/ml
Хордуулах хэмжээнд > 100ng/ml

Олон улсын судалгаанаас харахад дэлхийн хүн амын 50-с илүү хувь нь Витамин Д-ийн дутагдалтай байна. Манай улс газарзүйн байрлалын хувьд нарны шууд тусгалыг авдаггүй учраас Д аминдэмийн дутагдалт орох магадлал ихтэй гэж үздэг. Д витамины дутагдлаас үүдэлтэй хамгийн аюултай эмгэг нь хүүхдийн сульдаа өвчин буюу рахит юм. Д витамины дутагдал нь рахитаас гадна 200 гаруй өвчин үүсгэх нөхцөл болдгийг сүүлийн үеийн олон судалгаа харуулж байгаа.

Тэгэхээр та бид Д витаминыг хаанаас нөхөж болох вэ?
Хамгийн энгийн арга бол байгалийн жамаар буюу нарны туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д-г ялгаруулж нөхөх
Хоол хүнсээр. Сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх нь дэмжлэг болох боловч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
Эдгээрээс авч чадахгүй бол нэмэлтээр гаднаас нөхөх шаардлагатай. Ингэхдээ цусан дахь Д витаминаа тодорхойлуулах шинжилгээ өгч байж урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний тунгаар уух эсэхийг эмч зөвлөх юм.

Нярай хүүхдийн амьдралын эхний саруудад зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн эх сурвалж байдаг. Хөхний сүү, нарны гэрэл болон гаднаас витамин Д уулгах зэрэг. Харин хөхний сүүнд агуулагдах витамин Д нь эхийн биед байгаа витамин Д-ээс шууд хамааралтай. Гэхдээ хөхний сүүгээр авч буй Д витамины агууламж хүүхдийн биед хангалтгүй учраас төрснөөс хойш 14 хоногийн дараагаас урьдчилан сэргийлэх тунгаар уухыг зөвлөдөг.
Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ядарч, бие хөшиж өвдөх, ханиад ойр ойрхон хүрэх зэрэг нь тус тусдаа ойлголт гэхээсээ илүүтэй таны биед шаардлагатай аминдэм дутагдаж буйг илэрхийлэх шинж тэмдэг байж ч болох юм.

Д аминдэмийн шинжилгээ эмнэлгүүдэд 24.000-50.000 төгрөгийн үнэтэй хийгддэг бөгөөд шинжилгээний дүгнэлтэд үндэслэн зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Хэрэв Д витаминыг өндөр тунгаар уух шаардлагатай бол ходоодондоо сөрөг нөлөө учруулахгүйгээр хэрэглэх ёстой. Уг аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг ч мэргэжилтнүүд анхааруулж байна.