Categories
Uncategorized

Хүнд насаа хэлдэггүйн учир ЗААВАЛ УНШААРАЙ

Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ.

Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ.

Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ.

Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.

Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралдав. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ.

Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг.

Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюу үхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчихоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.

Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.

Categories
Uncategorized

Цайны дээж, зул өргөх ёсон ХАДГАЛААД АВААРАЙ

Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэвэрлэсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;

’’Ум базар амрида гүдали хана хана хум’’хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’таринар цэвэрлэгдсэн гэж бодон хоосон агаар

Брүмээс дээж хийсэн ариун савны доор ‘’ум’’үсэг гэрэлд хайлсаар гарч, цайны тахил бэлгэ билгийн их рашаан далай боллоо хэмээн сэтгээд ‘’Ум аа хум’’-ыг гурван удаа уншаарай.

Авралын эцсийн дээд орон болох бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гуравт тахил өргөхдөө; ‘’Донба ламэд санжай ринбоча,жовба ламэд дамчой ринбочэ,дэнба ламэд гэндүн ринбочэ, жавнай гончог сумла чодба вүл’’ тарнийг уншина.

Шарын шашин эзэн богд Зонхова түүний ууган хоёр шавь Жалцав богд,Хайдүв богд нарт тахил өргөхдөө;’’Ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцав жэ до-аг данбы дагво Хайдүв жэ жалбай явсрай сумла чодва бүл ’’тарнийг уншин өргөдөг.

Шүтээний өмнө зул өргөх ёс нь; Хамаг амьтаны мунхагийн харанхуйг гийгүүлэн зам мөрийг нь ариусгах буяны үндэс, бэлгэ билгийн үзэл юм.

Түүнчлэн оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж мандан дэлгэрэхийн бэлгэдэл тэргүүтэн тус эрдэм нь үлэмж билээ. Зулын шар тос, өөхөн тос, ургамлын гаралтай тос алинаар ч өргөсөн болох ба зулын галыг дэрс хөвөнгөөр голлон хийдэг. Харин Энэтхэг, Төвд оронд навч, даавуугаар гол ороох уламжлалтай аж.

Эх сурвалж: www.budda.mn

Categories
Uncategorized

Монгол хүний хийж болохгүй үйлдлүүд ХАДГАЛААД АВААРАЙ

Аягаа хөмөрч тавьдаггүй
Араг сандайлж суудаггүй

Алга хоосон ташдаггүй
Амьтан тамалж зовоодоггүй

Авдар сав онгорхой хаядаггүй
Арцны галыг үлээж унтраадаггүй

Архадын ёроол хоосолдоггүй
Аянчин гийчинг ад үздэггүй

Босгон дээр суудаггүй
Болсон идээнээс өнгөрдөггүй

Багана хоорондуур гардаггүй
Бүс малгайгаа сольдоггүй

Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй
Буруу гараар хүнд юм өгдөггүй

Буцааж тус нэхдэггүй
Буйран дээрээ гишгэдэггүй

Буурлын минь ёс жаяг ийм
Дааганд ам гардаггүй

Даланд шүд хүргэдэггүй
Даарсан ч галд ээдэггүй

Давсгүй цай ууснаа хэлдэггүй
Малгай давхарлаж өмсдөггүй

Малиа тулж босдоггүй
Манцуй хээр хаядаггүй

Матаас хов зөөдөггүй
Мануусын ёс жаяг ийм

Голд буртаг угаадаггүй
Галд хог шатаадаггүй

Гас мод хатгаж хаядаггүй
Гэрээ буруу төгөөлдөггүй

Нохой зайдалж морддоггүй
Ном судар дэлгэж орхиддоггүй

Навч цэцэг тасдаггүй
Настны өмнүүр цахилдаггүй

Нутгийн минь ёс жаяг ийм
Саваа мод барьдаггүй

Салаагаараа юм өгдөггүй
Сар өдөр товлодоггүй

Санаснаа бүтсэнд тооцдоггүй
Сав хоосон буцаадаггүй

Сахиусаа газарт унагаддаггүй
Сэтэрхий зүү хадгалдаггүй

Сэтгэлийн минь ёс жаяг ийм
Хаалгаа алдалж зогсдоггүй

Хайч ангайлгаж тавьдаггүй
Хар ус хүн рүү цацдаггүй

Хангайн буянт чамладаггүй
Харанхуйд хэрүүл хийдэггүй

Халаасаа эргүүлж явдаггүй
Хавшиж эмхээ зуудагүй

Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй
Хаадын минь ёс жаяг ийм

Хутганы ир дээш нь харуулдаггүй
Хуувангийн бахуу тэвэрдэггүй

Хулхайн идээнээс амсдаггүй
Хуудуутай үгэнд итгэдэггүй

Холын хүнийг хоосон хонуулдаггүй
Ховын үгээр хоол хийдэггүй

Хүний өмнөөс үнс гаргадаггүй
Хүүхдийн зулай тэмтэрдэггүй

Хөгшдийн минь ёс жаяг ийм
Усанд цагаа оруулдаггүй

Улаа хүүхдэд үзүүлдэггүй
Уул овоонд хог хаядаггүй

Ульдаг нохой тэжээдэггүй
Усны эхэнд гэрээ барьдаггүй

Унаганы зэл дээгүүр алхдаггүй
Урт настай амьтан алдаггүй

Уруугаа харсан сав бэлэглэдэггүй
Угийн минь ёс жаяг ийм

Толгойгоо салаавчилдаггүй

Толь бүтээлэггүй хонуулдаггүй
Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй

Тотго хатавчаар шагайдаггүй
Тулгар бүсгүйн өмнүүр гардаггүй

Тургиж, исгэрч, гийндэггүй
Туг сүлдээ бөхийлгөдөггүй

Түүх соёлоо мартдаггүй
Түмний минь ёс жаяг

Жаргасан ч орондоо дуулдаггүй
Зовсоноо олонд дэлгэдэггүй

Ядарсан хүнийг шоолдоггүй
Явуулын хүнийг өөлдөггүй

Хөлөө ачиж суудаггүй
Хөл нуруугаа нийлүүлдэггүй

Өлзий хээг доор байрлуулдаггүй
Өвс мод зурдаггүй

Өвгөдийн минь ёс жаяг
Шидэж юм өгдөггүй

Шүүрч юм авдаггүй
Шүдээ хавирч болдоггүй

Ширээ буландаж суудаггүй
Сүүн дээр ус хийдэггүй

Сүүжний яс гэрт хонуулдаггүй
Сүүдрээ өндгөнд тусгадаггүй

Суурин дээрээ холбирч хувирдаггүй
Санааны минь ёс жаяг ийм

Энгэр задгай золгодоггүй
Элэг гэдсээ тэвэрдэггүй

Эдрэн нургандаа үүрдэггүй
Эмээл хойш нь харуулдаггүй

Элдэв цаас хийрэмчдэггүй
Ээм нь цоорхой хувцас өмсдөггүй

Эмэгтэй хүн завилж суудаггүй
Эцгийн буйд сахал тавьдаггүй

Элэнцийн минь ёс жаяг ийм.

Categories
Uncategorized

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш. Учир нь…

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.!

Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”.

Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр.

Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр.

Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна.

Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй бөгөөд он удаан жил амь бөхтэй тээгдэж, хэлэгдэж ирсэн байх өндөр магадлалтай.

Энэ үгийн утга эхийн эрхт ёсны дуусгавар үеэс эрхэм хүндэт эрдэм мэдлэгтэй хүнийг дуудахад хэрэглэгдэх болсон байх. Манай Буриад ард түмний дунд эгч хүнийгээ авгай гэж хүндэтгэн дууддаг билээ.

Үүнийг уншиж байгаа та бид хоёрАвгай гэдэг үгний утгийг хайя.

Энэ үг арчаагүй эр хүний амнаас гарах үг бөгөөд тухайн хүнийг арчаа муутай, эр хүний шинжгүй хүн гэдгийн баталгаа юм. Ялангуяа амьдрал ядуу, эхнэрээсээ өөр хүнийг сонирхдог, архичин тийм л хүний амнаас гардаг үг.

Аливаа юмыг дутуу судалдаг, доктор гэсэн хоосон нэр зүүсэн мунхаг судлаачийн амнаас гарах үг.

Гай гэдэг дагавар үг нь Алтай язгуурын Монгол, түрэг, хамниган хэлнээ цөм их, том, шүтээн, дээд юм гэсэн утга агуулж байдаг байна.
Харин Төвд үгнээ лай гэдэг нь үйл, зовлон гэдэг утгаар.

Манай Алтай язгуурын Монгол, Түрэг, Хамниган хэлнээ цөм, булингар гэсэн утгаар ордог. Гэтэл манайхан лай гэдэг үгийг гай гэдэг үгтэй ижилсүүлж гай лай гэх мэтээр хэлэлцэж байгаад сүүлдээ лай, гай хоёроо хооронд нь сольж нэг утгаар ойлгон хэрэглэх болжээ.

Уг нь бол Ав гэдэг үг, гай гэдэг холбоо үг бидний шууд утгаар ойлгох муухай үг биш болой. Энэ үгийн үнэн утгыг хайхын тулд адил эхлэлтэй буюу адил төгсгөлтэй үгүүдийг харьцуулан судлая.

Ав, авсан хойноо гай юм бол:

Баавгай нь баав баавсан хойноо гай, юу?

Хандгай нь ханд хандсан хойноо гай, юу?

Хавтгай нь хавт хавтсан хойноо гай, юу?

Андгай. Анд андсан хойноо гай юу?

Малгай. Мал малсан хойноо гай юу?

Шагай. Ша шаасан хойноо гай юу?

Наадгай. Наад наадсан хойноо гай юу?

Гай гэдэг дагавараар төгссөн үгийн хайхад маш цөөн.

Мөн. Авхай гэдэг үг байна. энэ нь ав авсан хойноо хай гэсэн үг биш. Дээд угсаатан эмэгтэй хүнийг нэрлэх, хүндэтгэх үг юм.

Баав+гай, Баавгай буюу байгалдаа хамгийн том араатан амьтан

Ханд+гай Хандгай нь хангай газрын хамгийн том хөхтөн амьтан

Хавт+гай. Хавтгай буюу тэгш газрын, говь нутгийн хамгийн том амьтан

Анд+гай. Андгай буюу үг хэллэгний хамгийн эрхэм дээд үг.

Мал+гай. Хүний хамгийн орой дээр /тэргүүн дээр/ байх хувцас бүхний дээд зүйл юм.

Хал+гай. Ургамал доторх хамгийн аюултай халуун буюу түлдэг ургамал. Өөрөөр хэлвэл аюултай ургамлын дээд.

Хул+гай Хулгай буюу адууны алаг зүс ядуугийн тэмдгийг илтгэдэг бол хул зүс муу зүсийг дам илтгэдэг бөгөөд “гай нь их дээд юм” тул нийлээд муугийн дээд /хулгай /. Их засаг хуулинд хүртэл хулгайтай хатуу чанга тэмцэхийг шингээсэн байдаг бөгөөд манай ард түмэн эртнээс хулгайг хамгийн муу зүйл, муугийн дээд гэж үзсээр ирсэн билээ.

Ша+гай. Малын яс дотроос өргөн хэрэглэгддэг тоглоом наадгайны хамгийн гол, чухал яс юм.

Наад+гай. Цэнгэл баярын дээдийг ингэж хэлнэ.

Шааз+гай Шаазгай шагширч дуу гардаг хамгийн хорон шувуу бөгөөд бөөгийн онгодтой газраар нутагладаг шидтэн шувуу гэж үзсээр иржээ.
Яагаад эвт шаазгай луу буулгана гэсэн юм бол? /Буга барь хамаагүй/ яагаад эвт бүргэд юмуу эвт шонхор гэх мэтээр өөр шувууг нэрлэж болоогүй нь цаанаа нэг учиртай …?

Тэгвэл Авгай гэдэг үг юуг үгүүлнэ? “Ав хомрого” гэж та мэднэ. Ав буюу нийтийн, хомрого буюу агнах устгах гэсэн үг.

Тэгвэл Авгай гэдэг үг ав авсан хойноо гай гэдэг үг биш, харин хүн төрөлхтний их, дээд гэсэн утгатай үг болж таарна. Хүний дээд эх хүн бөлгөө. Одоо манай буриад ар түмэн эмэгтэй хүнийг авгай гэж авгайлж хүндэтгэн дууддаг. Энэ нь эхийн эрхэт ёсны үед үүссэн үг бололтой.

Зарим номны эхэнд “эрхэм хүндэт уншигч авгай танаа..” бас эрдэмтдийг авгай гэж дуудах ёс байдаг байна. Тэрхүү номыг эрдэм мэдлэгийн хойноос зүтгэгч нийгмийг хөтлөгч тийм л хүмүүс уншдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг хүндэтгэсэн хэллэг байх нь. Тиймээс биш хийх юмаа олж ядсан гэрийн авгай нарт зориулав гэсэн санаа биш болой.

Мөн, Авгайлах гэж үг байдаг. энэ нь тухайн хүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэх хүндэтгэлийн үг. Тиймээс авсан хойноо гайлах гэдэг үг биш юм.

Дүгнэлт.Тэгвэл Авгай гэдэг үг нийтийн, нийгмийн, хүний дээд хүнийг, хүндэтгэлтэй хүнийг дууддаг хэллэг байх юм. Хайрт хань нь нийгэм дэхи эмэгтэйчүүдээс хамгийн дээд хүн нь тул миний Авгай /миний хамгийн дээд хүн/ гэж дуудаж хүндэтгэдэг байна. хайртай ханиа, авгайлан дуудсан сайхан үгийг шууд утгаар ойлгож энэ сайхан үгийг эсрэгээр дууддаг болсон нь нэн харамсалтай.

Дээр үгүүлсэнчлэн Авгайлах гэдэг үг нь хүндэтгэнэ гэсэн санааг агуулж байгаа нь авсан хойноо гайлахгэдэг үг биш гэдгийг дам гэрчилж байна.

Авга, авир, авдар, авааль, авс, авхай, авьяас, авхаалж, аварга, аврах, автах, авцалдах, авлах, авлага, авсаархан,

Гэх мэт үгүүдийг нэмж тайлбарлах нь илүүц бизээ.

Ганболдын хүү Энх-Амар

Categories
Uncategorized

Тэнгэрт мөргөх ёсон ХАДГАЛААД АВААРАЙ

Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог.

Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ.

Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна.

Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө.

Тэнгэр шүтлэг (Тэнгэризм, Тэнгэрийн шашин; англ. Tengrism, Tengriism, Tengrianism; орос. Тенгрианство; тур. Tengricilik) бол Төв Азийн улс түмний бөө мөргөл, Анимизм, Тотем шүтлэг, Политейзм ба дээдсийн шүтлэгт үндэслэн буй болсон Алтай хэлний язгуурын ард түмний өвөрмөц шашин шүтлэг юм. МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. [1]

Одоо голдуу ЗХУ задарсны дараах Алтай хэлний язгуурын үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ.[2]

Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашин[3]болтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдсан. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini буюу Хөх тэнгэрийн шашин[4] гэж нэрлэдэг.

Categories
Uncategorized

Ю.Цэдэнбал: Манай ард түмний баатарлаг түүхэнд Хятадад эзлэгдэж байсан түүх байхгүй ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу?

Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна.

Английн сур: Энэ асуудал дээр Зөвлөлт Холбоот улс ямар байр суурьтай байна вэ?

Ю.Цэдэнбал: ЗХУ ч мөн адил манай байр суурийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ба Хятадын зүгээс элдэв халдлага дайралт ирсэн тохиолдолд ЗХУ-ын баатарлаг улаан арми болон БНМАУ-ын зэвсэгт хүчин хатуу хариу барих болно.

Анлийн сур: Хятадын удирдагч Мао Зедун Монголыг Их Хятадын нэгэн муж хэмээж байна? Энэ тал дээр?

Ю.Цэдэнбал: Нэгэн цагт Хятад гүрэн бидний захиргаан дор захирагдаж байсан түүх бий. Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзэлж байснаас, эзлэгдэж байсан түүх байхгүй, уучлаарай.

Английн сур: Дипломат үүднээс үзэхэд энэ асуудал хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр шийдэгдсэн мэт санагдах юм?

Ю.Цэдэнбал: Монголын газар нутгийг эзлэн тархаж, түүний хажуугаар тагнуул хийх зорилготой хэдэн зуун мянган ажилчин нэртэй тагнуулуудыг хөөх бол маш их нухацтай бодож байж шийдвэрлэсэн асуудал шүү дээ.

Анлийн сур: Танд баярлалаа. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

Ю.Цэдэнбал: Танд ч баярлалаа. Их Британы цог жавхлант хатан хаан Элизабетэд болон түүний гэр бүл, ерөнхий сайд ноён Эдвард Хэтэд Монголын ард түмний мэндийг дамжуулаарай.

(1971 он: Цэдэнбал ба ХХ зууны Монгол ном-с 149-р тал)

Categories
Uncategorized

Цацал өргөдгийн учир, Цацлыг байр, байшингийн тагтан дээрээс өргөдөггүй ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Өргөл өргөх ёс нэн эртний болой. Өргөл өргөх сав суулга, хэрэгсэл тухайн цаг үеүддээ өөр өөр байсан бөгөөд өнөө цагт уламжлагдан ирсэн нь өргөлийн модон хувин, сацлын орбай юм.

Өргөлийг Нар байгаа зүгээс эхлэн Нар зөв тойрч хөрсөн дээр зогсож өргөнө. Байр, байшингийн тагтан дээрээс өргөж болохгүй.

Шинийн нэгнээс шинийн 15 дуусталх нэмэн нэмэн дүүрч байгаа Саранд, Сар байгаа зүгээс эхлэн нар зөв тойрч өргөнө. “Долоон өвгүн одон шанага” тэгшрэх цагт л өргөдөг. Тэгшрэх үе нь улирал бүрт өөр өөр цагт тохионо.

Бүрэн хувцаслан, бүс малгайтай өргөх нь зөвхөн талархсан сэтгэлийн илэрхийлэл бөгөөд өөрийн биеийг хариуцаж тус дэм хүсэхгүй байна гэсэн утгатай юм. Сацлын орбайг мөрнөөс доош төвшинд барьж өргөл өргөдөггүй. Өргөл өргөх орон зайнаас хамаарч өргөлийн хүрээг тэлж өргөдөг. Сацлын орбай, халбага үгүй үед алгаараа өргөж болно.

Модон хувин

Модон хувингийн гурван бүслүүр нь өнгөрсөн одоо ирээдүй цагийг, хоёр бариулын түшиг нь эр, эм хоёр заяа тэнцүү байхыг, дундын суран бариул нь тэдгээр заяаг хүүхэд холбож байдгийг тус тус илтгэдэг билгэдэлтэй.

Сүү, Цай, Тараг, Айраг, Шимийн архийг бид таван тансаг идээ хэмээн дээдэлдэг. Эдгээр идээ гагц “Сүү”-нээс үүсдэгээрээ онцлогтой. Сүү нь дусал бүхнээрээ эд эсийг анагаагч хүчин, ундрах эх булгаараа амьтны амь таслалгүй бүрэлддэг цор ганц идээ билээ. Эрт дээр үеэс л Монголчууд сүүгээр олон янз, төрлийн бүтээгдэхүүн хийж хэрэглэж иржээ.

Монголчуудын дунд, нутаг нутгийн онцлог зан зашлийн уламжлалын үүднээс дэлгэрсэн цацал өргөх ёслолын түгээмэл шинж чанар нь хавар хонь хургалж эхлэх ба гүү барих, гүүний үрс гаргах, зэрэг сааль сааж эхлэх үетэй уялдаж малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж сүү цагаан идээ элбэгтэй байхын билэг дэмбэрэлийг мөрөөдөж ( сацал сацдаг ) заншилтай ажээ. Тухайлбал: хонины сацлын үгэнд: …

Өмчид цагаан хонины чинь
Гамшиг зовлон барахын тус

Авран хаш хэмээн
Аугаа их тахил өргөн

Их өчиг
Амтат их

Цагаан сацал сүүг чинь сацнам

хэмээгээд нүдсэн дан арцаар гэртээ, нүдээгүй бүхэл арцыг агьтай хольж өрөм, цөцгий, шар тос, зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотондоо уугуулж их сан тавина.

Тэгээд ууган хурганы эхийн хөхний бөглөөг гаргасны дараах шингэн уургийг агар хувинд сааж аваад жил ивээлтэй, хоёр бүсгүй хүний нэг нь сацал өргөдгийн зүүн гар талд зэрэгцэн сүүгээ барьж нөгөө нь сацлаа барьж гэр хониныхоо хотыг нар зөв тойрон зүг бүр нь ерөн есөн тэнгэр, далан долоон, идээний эхэд (эзэн ) гэж сацал өргөнө. Мөн үүнчлэн (үхрийн сацлын үг нь)

… өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
Торх үл багтах тостой

Сав үл багтах өрөмтэй
Тогоо товойн бурзайх хусамтай

Ариун амтат идээтэй болтугай

гэж ёс гүйцэтгээд сацлыг цацахад гэртээ тавгаар идээ, домбо данхаар цай бэлтгээд сацал өргөж дууссаны дараа гадагш дээжээ өргөж ирээд айл хотлоорооо цугларч хувааж идэж уудаг сайхан уламжлалтай байжээ.

Categories
Uncategorized

Монгол эмэгтэйн мэдвэл зохих дом ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч үеийн үед хийсээр, мөрдсөөр ирсэн ардын уламжлалт дом засал дэлхийн аль ч улс үндэстэнд байдаг. Тэр дундаа нүүдэлчин монголчуудын дом заслын ухаан үнэхээр гайхамшигтай. Түүнээс хүн болгоны тэр бүр мэддэггүй ч эдүгээ хүртэл уламжлагдан ирсэн, зарим нутагт хийдэг дом заслын зах зухаас танилцуулья.

-Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.

-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.

-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч хавдрыг хариулна.

-Хүүхэд буруу байрласан тохиолдолд мотоциклд суун ойр орчимд явбаас зөв байрлалыг олж болох тохиолдлын болон үйлдлийн домтой.

-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг. Засах дом нь: Гутлын уланд нэг нэг зоос, гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос, махыг авч түүн рүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина.

-Ямар нэг хүн загнах байх гэж бодвол үсээ зангид.

Өвчинг анагаах дом

-Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булаад “Үү чи сонс. Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ. Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг.

–Үүг арилгахад бороо орсны дараа үхрийн баасан дээр тогтсон усаар угаахад арилна.

-Хүзүү хөшиж гоёотвоос гоё сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүг ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.

-Хумс авсны дараа ил задгай хаядаггүй, усанд хийдэг домтой.

-Нүдэнд өвдөг гарахад: өвдөг гарсан нүдийг эсрэг талын өвдгөндөө ойртуулж, “өвдөг өвдгөнд гарахаас хэзээ нүдэнд гарч байлаа. Эм дом. Эм дом” гэж хэлэн домнодог.

-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.

-Гэрийн чанх урд болон ар талд овоо босгох эсвэл гадас шааж орхивоос хий салхин, гүйдэл сэлт, муу юмыг хаана.

-Гэрийн хатавчны дээд талд хөрөө хавчуулах нь гаднаас янз бүрийн муу зүйлээс сэрэмжлэхээс гадна галын хайчийг зуухны аманд хөндлөн тавьж байх нь хэл ам, хэрүүл тэмцлээс сэрэмжлэх домтой.

-Аливаа зүйлийг хаях, түлэхдээ заавал хэлбэрийг өөрчилж үйлийг хийх домтой.

-Эм хүн галын хайч болон үйлний хайчаа дээдэлнэ, эр хүн малгай, бүс, ангийн буу, хэт хутгаа дээдэлнэ.

Categories
Uncategorized

Шинийн 21-нд даллага авахуулахад сайн өдөр ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Монгол түмний ёс заншлын нэгэн чухал хэсэг нь хувь хүн, хамт олон айл өрх “Буян хишгийн даллага” авахуулах, “Гал голомтоо тахих ёс”-ны зан үйл билээ.

Даллага авах, хурайлах зэрэг нь даллан дуудаж ирүүлэх гэсэн утгатай бөгөөд хувь хүн, хамт олны сүлд хийморь, ажил үйлс өөдрөг, өрх айлын ноён нуруу тэгш, эд адгуурс, эрхэм баялаг, мал хөрөнгө нь арвижин дэлгэрч буян хишиг нь булгийн ундарга мэт оргилж байхын бэлгэдлийг шингээсэн “Даллага авахуулах ёс” нь юу санасан есөн нэгэн шид бүтээлийг өөрийн орчиндоо жигд бүрдүүлэхийн бэлгэдлийг давхар агуулдаг эрхэм ёслол билээ.

Даллага нь эдийн, буян хишгийн, насны гэх олон янз байдаг юм.

Даллага авахад анхаарах зүйлс:Даллага авахуулах өдөр гэр орондоо халуун ам бүлээрээ цуглан олуулаа байх сайн.

Гэрт байгаа бүх сав суулганы амсрыг дээш харуулан, дотор нь юм хийх ба сүү дусаасан ч болно.

Ламаар ном уншуулан даллага авсны дараа даллагын идээний дээжээс уутандаа хийж, халуун ам бүлээрээ хуваан хүртэнэ. Гадны хүнд өгдөггүй ёстой.

Даллага авч байгаа үед босож явах, орж гарах, хэвтэх, хоорондоо ярих, тамхи татахыг цээрлэдэг.

Даллага авахуулсан айл гурав буюу долоо хоногт гадагш ямар нэгэн юм гаргах, өгөх цээртэй бөгөөд тэр ч байтугай хогоо гаргадаггүй учиртай.

Даллагын уутаа хагас онгорхой байдалтай байлган цээрийн хоног дуусмагц амыг битүүлэн зохих байранд нь тавина

Даллага авахуулахад сайн өдөр:Лхагва, Бямба, Ням

Шинийн өдрөөс:Шинийн өдрөөс шинийн 3,5,6,8,10,15,21

Од өдрөөс:3 ,4, 6,7,9,11,14,16,19,22,24 дэх одтой өдрүүд байна.

12 эзэн өдрөөс:Эзлэгч өдөр

Барилдлагаас:Рашаан барилдлагат өдөр

Мэнгэ:6.8 цагаан, 9 улаан мэнгэтэй өдөр сайн

Оноосон нэрт өдрөөс:Наран, саран, учрах хөх бар, хөхөгчин туулай өдрүүдэд даллага авахуулахад нэн сайн болой.

Даллагын уутанд хийхийг цээрлэдэг зүйлс:

Даллагийн уутанд мөнгө төгрөг, үнэт эдлэл хийж болохгүй, Явцын дунд түүнээ авч хэрэглэх тохиолдол гарахаас гадна, үнэт эдлэл, мөнгө төгрөгт хоргогдох сэтгэл, шуналын дэв хоргоддог учир 81 шидийг бузартуулж, гарлагын үүд нээгдэнэ гэж үздэг.

Мөн нойтон чийгтэй гурилан зүйл, цагаан идээ хийвэл хөгцрөх муудах өт, хорхой эрвээхий идэх учир цээрлэнэ.

Categories
Uncategorized

Аялагчдыг татаж байгаа Монгол Улс дахь байгалийн пирамид ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

“Дэлхийн энергийн төв гэгддэг Түвдийн Гималайн нурууны Кайлас Уултай адил дүрстэй нэгэн уул Монгол Улсад байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Түүнийг алсаас харвал пирамид л гэж харахаар” хэмээн оросын аялагчдад зориулсан сайтад бичжээ.

Тэгвэл Түвдийн Кайластай адилхан гээд байгаа энэ уул бол Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан уулын Хорьдол Сарьдагийн нуруу. Байгалийн өвөрмөц тогтоцоороо гэрэл зурагчид, аялагчдыг эрхгүй татаж байгаа билээ.

Харин энэ бол Түвдийн мөнх цаст Кайлас уул.

Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.

Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана.

Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг.

хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр үргэлжилнэ.

Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 ам километр байжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг.

Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана.

Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг. Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг.

Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг.